Дэлхий дээр төрсөн арван эхчүүдийн нэг нь энэ сэтгэл хямралд өртдөг гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь төрсний дараах 3-4 хоногт илэрч болдог бөгөөд 6 сар хүртэл үргэлжилж болдог байна. Энэ сэтгэл хямралд та эхнэрээ орсон гэж бодож байна уу? Тэгвэл тухтай суугаад дараах мэдээллийг сонирхоорой.
Тэдний сэтгэл хямралд орж байгаа шалтгаан нь :
•Өмнөх төрөлтөд бас ийм шинж илэрч байсан эхэд дахин энэ сэтгэл хямралын шинж давтагдан илрэх нь их байдаг.
•Нөхрийн талаас халамж анхаарал бага байгаа тохиолдолд тэдний сэтгэл санаа тайван биш болж, халамж анхаарал хүсэн гомдоллож, аливаа зүйлд өөрийгөө дутуугаар үнэлэн сэтгэл хямралд автагдаж эхэлдэг байна.
•Хүсээгүй хүүхэд төрүүлэх нь эхийг сэтгэл хямралын байдалд бас оруулдаг. Учир нь эх хүүхдээ гаргах талаар өөрийн сэтгэл зүйгээ урьдчилан бэлдээгүй байсантай холбоотой юм.
•Хүүхэд дутуу, эсвэл ямар нэгэн эмгэгтэй төрөх нь гэр бүлийг хямралд оруулдаг ч эхийг хамгийн их сэтгэл санааны хямралын байдалд оруулж байдаг. Тухайн үед эхэд өөрийгөө дутуугаар үнэлэх болон ирээдүйд итгэх итгэл багасаж сэтгэл санааны хямралд оруулдаг байна.
•Хүүхэд байхдаа өөрийн эхийг алдсан эхчүүдийн хувьд хямрах, өөрийн ээжийн сэтгэл зүйг илүүтэйгээр мэдрэх нь их болдог.
•Эдийн засгийн зарим хүндрэлүүд, нөхрийн ажилгүй, мөнгөний дутагдалтай байдал нь сэтгэл санааны хямралд бас нэг талаар хүргэдэг байна.
•Мөн физиологийн талаас эхийн биед 8 сарын хугацаанд тогтмол өндөр хэмжээтэй байсан жирэмсэний даавар огцом буурснаас энэ нь сэтгэлд хөдлөлд нөлөө үзүүлдэг байна.
Сэтгэл хямралыг хамтдаа яаж давах вэ?
•Төрсний дараах сэтгэл хямралыг гэр бүл хамтаар даван туулах нь хамгийн чухал байдаг. Нөхөр болон ар гэрийн зүгээс дэмжин туслах харилцаа, эмчтэйгээ ярих ойр дотны зөвлөгөө нь энэ хямралаас гаргах хамгийн том хүчин зүйл болдог байна.
•Төрсөн эхчүүд аль болох өөдрөг байж, өөрийгөө хямраах аливаа бодлоос зайлсхийж байх нь чухал байдаг. Төрсөн эхчүүдэд хүүхдээ хараад гэртээ үлдэнэ гэдэг асуудал түрхэн хугацаанд насан туршийх юм шиг сэтгэгдэл үүсч аливаад өөрийгөө хоцрогдсон гэх сэтгэл мэдрэмжийг авч түүнээсээ түгшиж байдаг.
•Сонирхолтой, шинэ соргог мэдээлэл уншиж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг алдахгүй байх нь хямралааас гаргахад тусалдаг.
•Өөрийн гоо сайханд анхаарч, арьсаа хамгаалж, өөртөө санаа тавих нь өөрийгөө итгэлтэйгээр харахад тус болдог байна.
Энэ бүх зөвлөгөөг гэр бүл хамтдаа дагаж мөрдсөн тохиолдолд таны эхнэр төрсний дараах сэтгэл хямралд бага өртөх боломжтой юм. Эцэст нь хэлэхэд үүнээс сэргийлэх хамгийн том алхам нь амьдралын зөв төлөвлөгөө юм. Гэр бүлүүддээ амжилт хүсье.








































