Үйлдвэрлэл, технологи хөгжихийн хэрээр хэт цэвэршүүлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олширсон нь сонголт ихтэй буйгаараа сайшаалтай боловч нөгөө талаас хүний эрүүл мэндэд төдийлэн сайнгүй гэдгийг эрдэмтэд нотолсоор байна.
Тийм учраас бид эрүүл мэндээ хамгаалах, даралт ихдэх, зүрхний шигдээс, хорт хавдраар өвчлөх эрсдлээ бууруулах үүднээс эрүүл, зохистой хооллох дадал эзэмших хэрэгтэй болж байна. Зохистой хооллох дадалтай болно гэдэг нь хэн хүний хийж чадахуйц, жижиг алхмыг хэвшүүлж сурахаас эхлэх ба ганц удаа огцом өөрчлөхийн нэр биш билээ. Хэрэв та хэвшсэн дадал зуршлаа ухамсартайгаар, аажмаар сольж чадвал огцом өөрчилснөөс илүү хурдан хугацаанд зохистой хооллож сурах болно. Хооллох дадлаа аажмаар өөрчлөөрэй. Та хоол хүнсээ нэг дор шууд эрүүл, зохистой болгох гэж оролдох нь амьдрал дээр боломжгүй бөгөөд тийм ч сайн зүйл биш юм. Бүгдийг нэг дор огцом өөрчлөх нь ихэнх тохиолдолд өөрийгөө хуурсан хэрэг болдог ба эсвэл төлөвлөсөн хоолоо идэж чадахгүйгээс болж шантарч бууж өгөхөд хүрдэг талтай. Иймээс жижиг зүйлээс өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй. Жишээ нь, өдөрт нэг удаа дан ногооны салат идэх, хоол хийхдээ амьтны гаралтай өөх тосны оронд ургамлын гаралтайг нь сонгох гэх мэт. Иймэрхүү жижиг өөрчлөлтийг та дадал болгон хэвшүүлснээр цаашдаа илүү олон төрлийн эрүүл хүнсийг хоолондоо хэрэглэдэг болно. Өөрчлөлт хийхдээ эрүүл сонголтыг эрхэмлээрэй Аажмаар эхэлж, бага багаар өөрчлөлт хийсээр зохистой хооллох дадал хэвшүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатайг санаарай. Та үүнийг удаан хугацаанд зорилготойгоор хэрэгжүүлж чадвал сэтгэл хангалуун байж, илүү эрч хүчтэй болж, хавдар болон бусад өвчнөөр өвдөх эрсдлийг багасгах болно. Алдаа гаргахаас бүү ай, зорилгоосоо бүү шантар, эрүүл хүнс сонго. Та чадна! Хэтрүүлэн идэж болохгүй, хэтрүүлэн идэхгүй байх нь эрүүл хооллолтын гол үндэс юм. Эрүүл хооллолтын гол суурь үндэс нь идэх хоолныхоо хэмжээг зөв тохируулах. Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бид нүүрс ус, уураг, өөх тос, эслэг, аминдэм зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай шимт тэжээлийн бодисыг зохистой хэмжээнд агуулсан хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Зарим хүнсийг ялгах хэрэггүй. Тодорхой хүнсний зүйл, зарим төрлийн хоолноос татгалзах тусам улам идэхийг хүсэж, дур хүслээ дийлж чадахгүйд хүрч болно. Хэрэв та хэт чихэрлэг, шорвог, эсвэл өөх тостой хоолонд дуртай бол эхлээд идэх хэмжээгээ багасгаж, идэх тоог нь цөөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны тухайн зүйлийг идэх дур хүсэл аажмаар буурч, хааяа л иддэг болно. Зохистой хэмжээгээр идэх буюу нэг удаагийн хэрэглээгээ зөв тохируулах хэрэгтэй. Хоолыг аль болох жижиг аягаар удаан идэж сурах хэрэгтэй. Хоолныхоо их багыг бусад зүйлийнхтэй харьцуулан дүрслэн бодох нь хэмжээг зөв тохируулахад тусалж болно. Жишээ нь, тахиа, загас, бусад махыг хоолонд хийхдээ гар нүүрийн савангийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр, салат хийхдээ ургамлын тосыг цайны халбагаас илүүгүй, талхыг уян дискнээс томгүй байх гэх мэтээр дүйцүүлэн тааруулж хэрэглээрэй. Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч /антиоксидант/, эслэгийг агуулсан байдаг. Тийм учраас жимс, ногоог өдөр бүр хүнсэндээ хэрэглэж занших нь чухал. Эдгээрийг өдөрт дор хаяж таван нэгж хэрэглэнэ. Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм. Жимс, ногоонд агуулагддаг үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт бодис зарим төрлийн хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ач тустай. Зарим төрлийн хүнсний ногоог түүхийгээр идэх нь илүү тустай байдаг тул тэдгээрийг сайтар угааж, ариутган, жижиглэж хэрчилгүйгээр аль болох бүтнээр нь хэрэглэх хэрэгтэй. Өдөр бүр өнгө алагласан жимс, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй. Учир нь гүн өнгөтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь аминдэм, үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт эрдэс бодисыг их хэмжээгээр агуулсан байдаг бөгөөд өнгөнөөсөө хамааран янз бүрийн ашиг тустай. Тод ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоо эдгээрт кальци, магни, төмөр, кали, цайр зэрэг элементээс гадна А, С, Е, К аминдэм ихээр агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Иймд салатны навч, цэцэгт байцаа, хятад байцаа, чинжүү гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй. Чихэрлэг хүнсний ногоо. Ийм ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно. Жимс, жимсгэнэ Төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал үүрэгтэй. Жимсний агууламжинд эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй байдаг учраас хавдраас сэргийлдэг. Манайд ургадаг нэрс, үхрийн нүд, аньс зэрэг нь С, РР, В бүлгийн аминдэмээр баялаг тул чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэхээс гадна дархлааг сайжруулдаг. Чацаргана Энэ жимсийг амин дэмийн зоорь, нөөцлүүр гэдэг. Чацаргана С аминдэм, каротин, Е аминдэм, фолийн хүчил, В1, В2, Р аминдэмийг агуулдаг бөгөөд үр жимснийх нь 9 хүртэл хувьд нь биологийн үнэт чанартай тос агуулагддаг. Мөн төмөр, бор, цахиур, титан, магни зэрэг 15 төрлийн эрдсийг агуулдаг. Бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг гэх мэт олон зориулалтаар чацарганыг уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байна. Д.Өлзий Эх сурвалж: “Монцамэ”
- Алдаа
Амьдралын зөв хэвшилд алхам алхамаар …
Гайхалтай чадвар ...
Цаг агаар
An error occured during parsing XML data. Please try again.
Надтай нэгдээрэй
Манай зочилсон






![]() | Өнөөдөр | 5161 |
![]() | Өчигдөр | 4724 |
![]() | Энэ 7 хоногт | 34328 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 34804 |
![]() | Энэ сард | 97540 |
![]() | Өнгөрсөн сард | 139737 |
![]() | Бүгд | 250022 |




































