
«Дэлхийд алдартай танин мэдэхүйн “Нэшнл жиографик” сэтгүүлд Их хаан Хубилайн далайн цэргийн флот камиказе хэмээх шуурганд хэрхэн сүйрсэн тухай түүхийг өгүүлсэн нийтлэлийг Японы инженер Торао Мозаи хэвлүүлсэн юм. Тэрбээр далайн гүн дэх түүхийн олдворуудыг цуглуулах ажлыг зохион байгуулж байсан ажээ. Камиказе буюу бурхны салхи гэдэг нэртэй хар шуурга 1281 онд Японы арлууд руу хийсэн монголчуудын довтолгоог зогсоосон бөгөөд уг шуурганы улмаас 4 мянган хөлөг онгоц сүйрч, 100 мянган хүн амь насаа алдсан байна.
Өнөөдрийг хүртэл хугацаанд ийм нүсэр том тэнгисийн цэргийн хүчнийг байгуулж байсан тохиолдол дэлхийн түүхэнд үгүй билээ. Тэр үед Хубилай хааны далайн цэргийн флот 4 400 хөлөг онгоц, 142 мянган усан цэрэгтэй байжээ. Тэдний зорилго тодорхой байсан бөгөөд Хятад, Солонгосын усан боомтуудаас гарч Японы арлуудыг эзлэх Хубилай хааны зарлигийг биелүүлэх үүрэг хүлээсэн байлаа.1281 онд монголчуудын усан флотыг бүрэн устгаж чадсанаар япончууд колончлолын дарлалыг амсалгүй 650 жилийг өнгөрүүлсэн юм.
Миний бие далайн цэргийн түүх судалдаг инженер хүний хувьд Японы эзлэх Монголчуудын довтолгооны түүхийг маш ихээр сонирхон судалдаг юм.
Монголчууд Наран улс руу хоёр удаа буюу 1274, 1281 онуудад дайралт хийсэн хэдий ч хар салхины улмаас тэдний довтолгоон бүтэлгүйтсэн юм. Эхний довтолгоо цар хэмжээгээрээ бага байсан учраас хохирол ч бас тийм их биш байжээ. Эдгээр довтолгоонууд нь Хубилайн байгуулсан улсад асар их хохирол учруулсан ба тэнгис далайг эзэлсэн их гүрэн байгуулах мөрөөдлийг нь үүрд үгүй хийсэн юм.
Би Япон орны маань баруун хэсэгт орших Кюшю хойгийн Такашима хэмээх жижигхэн арлын орчимд 1281 онд Монголын усан флот сүйрсэн тэр газар орныг судлахын тулд гурван зуныг өнгөрөөлөө. Уг төсөл нь Япон улсын Боловсролын яамны ивээл дор хэрэгжсэн юм. Бид болсон үйл явдлыг гэрчлэх нэлээд олон түүхийн баримтуудыг цуглуулсан ба далайн гүнд живсэн эд өлгийн зүйлсийг гүнээс гарган авах арга техникийг боловсруулсан юм. Хэдийгээр уг үйл явдлаас хойш 700 жил өнгөрсөн ч Такашима арлын эрэг орчмын газарт далайн ёроолд байгаа Монголын флотын үлдэгдэл сэг өнөө хир нь бараг хөндөгдөөгүй хэвээр байна.
Заримдаа загасчид санамсаргүй тохиолдлоор домбо, чулуун аяга таваг, шаазангийн үлдэгдлийг олж байгаа ч далайн ёроол дахь түүхийн үнэт олдворуудыг цэгцтэйгээр судлах ажил огт хийгдэлгүй өдийг хүрсэн юм. 19-р зууны үеийн Японы нэрт зураач Ишо Яда Хубилай хааны довтолгоонтой холбоотой тухайн үеийн үйл явдлыг бодитой гэмээр сэргээн дүрсэлсэн хэд хэдэн зураг бүтээн туурвисныг энэхүү нийтлэлд хавсаргалаа.
1268 онд Хубилай хаан Хойд Хятад болон Солонгосыг эзэлснийхээ дараа Япон улсыг бууж өгөхийг шаарджээ. Мэдээж, япончууд үүнийг эсэргүүцсэн бөгөөд иймээс тухайн арлуудыг Их хаан дайран эзлэхээр төлөвлөсөн юм. Ингээд, 900 хөлөг онгоц, монгол, хятад, солонгосчуудас бүрдсэн 40 мянган усан цэрэг бүхий арми Кюшю арлын Хаката тэнгисийн буланд десант буулгасан байна. Анхны довтолгоон амжилттай болж, цэрэг эрс амарч байх яг тэр мөчид их шуурга дэгдсэнээр 200 хөлөг онгоц живэн сүйрч, 13 500 хүний амь эрсджээ.
Хэдий их хохирол үзсэн ч Хубилай хаан дараагийн их довтолгоонд бэлтгэж эхэллээ.1281 оны хавар гэхэд 4 400 хөлөг онгоц болон 142 мянган монгол, хятад, солонгос усан цэргүүдээс бүрдэх асар том тэнгисийн цэргийн флот Хятад, Солонгосын боомтуудад төвлөрч, Япон руу хоёр удаагаа дайралт хийхэд бэлэн болсон байлаа. Харьцуулалт хийж үзвээс, гурван зуун жилийн өмнөх Испанийн цуутай усан флот дөнгөж 130 хөлөг онгоц, 27 500 цэрэгтэй байжээ.
Яг энэ үед Япончууд ч гэсэн монголчуудын ээлжит довтолгооныг няцаахын тулд сайтар бэлтгэж байлаа. Анхны дайралтаас хойшхи долоон жилийн хугацаанд тэд Хакатагийн булангийн дагуу 2.5 метр өндөр, 20 км урт асар том хамгаалалтын хана босгож чадсан юм. Харин монголчуудын уг хананы талаар огт төсөөлөл, мэдээлэлгүй байсан учраас Монголын усан цэргийн тэргүүн анги нэгтгэлүүд яг энэ хананы дэргэд буусан юм.
Монгол, Японы усан флотууд маш ширүүн тулаан хийсэн ч аль ч тал нь давамгайлж чадсангүй. Ингээд, халдан түрэмгийлэгчид баруун зүгийг чиглэн ухрахаас аргагүйд хүрч, Хятадад хоёр сарын турш саатсан флотынхоо үндсэн хүчтэй нийлжээ. Ийнхүү довтолгоонд орох гол хүч бүрэлдэн бий болсон байна. Долдугаар сарын сүүлч гэхэд нэгдсэн хүчин Такашима арлыг довтолж улмаар Кюшю арлын эх газарт буухаар тооцоолсон байна.
Энэ үеэр Японы эзэн хаан болон өндөр дээд тушаалын ноёд Бурхнаас аврал гуйн, тус орны бүх сүмүүдэд Шинто шашны мөргөл үйлджээ. Тэдний хүслийг биелүүлэх гэсэн мэт наймдугаар сард Такашима арлын орчим асар хүчтэй салхи дэгдсэн байна. Үүний улмаас Монголын флот 4 мянган хөлөг онгоц болон 100 мянган хүнээ алдсан билээ. Энэ нь далайд живж амиа алдсан болон Такашима арлынханд олзлогдсон усан цэргүүдийг оролцуулсан тоо юм.
Үүнээс хойш монголчууд дахин хэзээ ч Японд аюул занал учруулж чадаагүй билээ. Япончууд Хубилай хааны хоёрдох довтолгооныг няцаахын тулд үнэхээр сайтар бэлтгэсэн байлаа. Тэд Кюшю арал дээр 100 мянган цэрэг байрлуулж, зэргэлдээх Хоншю арал дээр нөөц хүч болгон 25 мянган цэрэг татан авчирсан байжээ. Гэвч энэ их хүчний хэрэг огт гараагүй юм.
« Бурхны салхи» дэгдэж, тэнгис далай дамнасан их гүрэн байгуулах гэсэн Хубилай хааны мөрөөдлийг эгнэгт үгүй хийсэн билээ. Японы далайн цэргийн хорлон сүйтгэх ангиуд Хакатагийн буланд ирсэн Монголын флотыг байнга уулгалан довтолж байлаа. Тэр үед Японд томоохон усан цэргийн флот байгаагүй учраас эрх баригчид далайн дээрэмчдийг хүртэл уг дайралтад дайчлан оролцуулж байжээ. Япончуудын гэнэтийн дайралтууд маш ширүүн болж байсан учраас хөлгийн ахмадууд болох хятад, солонгосчууд бүх хөлөг онгоцуудаа зэрэгцүүлэн гинжлэн уях шийдвэр гаргаж байжээ.
Камиказе гэдэг үг нь» бурхны салхи» гэсэн утгатай бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд руу дайрч байсан амиа золиослогч нисгэгчдийг ийн нэрлэж байжээ. Тэд Монголчуудын 1274 болон 1281 онуудад хийсэн довтолгоонуудыг зогсоож чадсан их хар салхийг бэлэгдэн өөрсдийгөө нэрлэсэн бөгөөд Америкчуудын дайралтыг зогсоож чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан юм.
Б.Адъяахүү /үргэлжлэл бий/
Эх сурвалж: “Монцамэ”







































