
Шагайн цуваа бол Буриад үндэсний тоглоом юм. Шагай цуваа тоглоход дөрвөн морин шагай хэрэглэдэг. Шагайн цувааг хэдэн ч хүн тоглож болдог.
Шагай орхиход шагай дөрвөн талаараа буудаг. Шагайн буудаг дөрвөн талыг буриадаар морь, бөх, хонх, алса гэх буюу эсвэл морь, тэмээ, ямаа, үхэр гэж нэрлэдэг.
Тоо авах, алдах журам
4 морь буувал 40 тоо
3 морь буувал 30 тоо
2 морь буувал 20 тоо
1 морь буувал 10 тоо
4 ижил буувал 4 тоо
3 ижил буувал 3 тоо
2 ижил буувал 2 тоо
4 бэрх буувал 1 тоо авна. Үүнд, дөрвөн бэрх буулгасан хүн нь 1 тоогоо авч, бусад тоглогчид нь ор тоогүй болно.
Тоглогчдын аль нэгний тоо нь 81 болчихвол энэ нь арилж оргүй болно. Харин бусад тоглогчид нь нэг нэг тоо авч ахина.
Тоглогчдын аль нэгний тоо нь нэмэгдсээр байгаад 99 болчихвол нүхэнд унана. Нүхэнд унасан хүн нүхнээс гарахдаа:
1. Өөрийн дөрвөн бэрх буувал нэг гарна
2. Нөгөө тоглогчдын аль нэгэн нь наян нэгтвэл нүхээс гарна. Нэгэнт нүхэнд унасан хүн энэ хоёроос өөр тохиолоор нүхнээс гарахгүй.
Тоглогчдын аль нэгний тоо нь 100 болчихвол тэр хожно. Хэрэв тоо нь 100-аас хэтэрчихвэл хожихгүй, харин тоо нь хэвээрээ үлдэнэ. Заавал 100-ийн тоог тааруулж байж хожлыг авдаг юм.
Тоглох журам
Тоглож эхлэхдээ урьдаар хэн шагай орхихыгоо шодно. Шодохдоо тоглогчдын аль нэг нь дөрвөн шагай орхиход буусан тоог саяны шагай орхисон хүнээс эхэлж тоглогчдыг нар зөв тойруулан тоолоход аль хүнд тохирвол тэр хүн нь энэ нэгэн тоглоомыг эхэлж шагай орхидог.
Эсвэл хамгийн ахмад настай нь эхэлж шагай орхидог юм.
Ингээд тоглогчид цаашид нар зөв тойруулан шагай орхин тус тусын тоогоо ахиулж бусдаасаа түрүүлэн зуутахыг эрмэлзэж тоглодог юм.
Тэгэхдээ бас арай гэж олсон ахиж нэмэгдэж байгаа тоогоо арилгахгүй, бусдад арилгуулчихгүй, нүхэнд унахгүйг хичээж бусдын тоог арилгахыг эрмэлзэнэ.
Үүнд булхай (заль мэх)-гүй үнэнч шударгаар тоглохын тулд зориуд зассан шагайг үүдэн хойморын дайтай газарт хаян орхиж тоглодог ч байсан байна.
(Бас заримдаа нэгэн есийн ес, хоёр есийн арван найм, гурван есийн хорин долоо, дөрвөн есийн гучин зургаа гэх мэт 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 тоонуудтай тоглогчдын аль нэгний нь олсон тоо нь тохирчихвол бас тэрхүү нэг тоглогчийн тоо арилж алга болдог ёс буй)
Нэгдүгээр жишээ.
Хэрэв дөрвөн шагай орхиход хоёр морь, хоёр хонь буусан гэж бодвол
Хоёр морь буусны 20 тоо, хоёр ижил морь буусны 2 тоо, хоёр ижил хонь буусны 2 тоо бүгд 24 тоо болно.
Хоёрдугаар жишээ.
Хэрэв дөрвөн шагай орхиход дөрвөн бэрх буусан гэж бодвол шагай орхисон хүн нэг морины 10 тоо, дөрвөн бэрх буусны 1 тоо бүгд 11 тоогоор ахина. Харин бусад тоглогчидын тоо хэд ч байсан арилж алга болно. Ерөн есийн нүхэнд унасан хүн ч нүхнээс гарч тоогүй болно.
Шагайн цуваа
Шагайн цуваа тоо гэж нэг сонин цуваа буй.
Шагайн цуваа тоо нь 4; 10; 20; 35; 56; 84; 120; 165; 220; 286; 364; 455; ... ((m+2)^3 - (m-2))/6 энэ мэтээр байдаг болно.
Нэг шагайг орхиход морь, бөх, хонх, алса ийм дөрвөн янзаар бууна.
Хоёр шагайг орхиход
морь, морь
бөх, бөх
хонх, хонх
алса, алса
морь, бөх
морь, хонх
морь, алса
бөх, хонх
бөх, алса
хонх, алса
ийм арван янзаар буудаг.









































