Алдаа
  • XML Parsing Error at 1:428. Error 9: Invalid character
A+ R A-

Хүн хүнээ хүндлэх эртний ёс хааччихав?

И-мэйл Хэвлэх PDF

Өнөөдөр энэ сэдвээр хэдэн зүйл мутарламаар санагдлаа. Удаан бодож байсан ч яг ингээд бичээд сууж байсан нь үгүй болохоор ийн зоригллоо. Уг нь энэ сэдэв бол нэлээн л том сэдэв байх, хэн хүний анхаарлаа хандуулж бодох сэдэвч энэ талаар өгүүлсэн нь цөөхөн учраас өөрийнхөө бодол санааг бичлээ.

Миний бага дунд сургуулийн бага ангийн сурагч байхад ангийн багш минь тэр үедээ шал хэрэггүй гэж бодогдом хичээл ордог байсан юм. Одоогийн цаг хугацаанаас эргээд харахад хэрэгтэй хичээл байсан гэж хэлэх гэсэн юм л даа. Энэ бол ЁС ЗАНШИЛ гэж ордог бөгөөд тэнд нь одоогийн миний ярих гэж буй сэдвийн талаар болон эрт үеийн монголчуудын уламжлалт ёс заншил, үг хэллэг, гээд бүхий л зүйлийн талаар ярьж заадаг байлаа. Одоогоор хамгийн ихээр санаж байгаа зүйл бол багш маань нэг удаа асуулт асуусан нь “Хаалгаар орж гарч байгаа хоёр хүн таарахад хэн нь хэндээ зам түрүүлж тавьж өгөх ёстой вэ?” гэж билээ. Энэ мэтчилэн уг нь “Бид Чингисийн үр сад” гэж цээжээ дэлдэх нөхдүүд суралцаж мэдэж авмаар юм. Хоосон орилж чарлаж байхаар жинхэнэ монгол дүр төрхийг үзүүлж баймаар…

Замын хөдөлгөөний соёл…

Нэг сая хүн амтай Улаанбаатар хотыг өнгөрсөн зунжингаа л дэлхийн хэмжээний том хот боллоо гэж зарлаж, хэдэн залуусаа шөнө орой цуглуулж, баахан худлаа доргиож халаасан дахь мөнгийг нь үрүүлсэн шоу наадмууд хаа сайгүй, хэд хэдээрээ л болоод өнгөрч байгаа харагдана билээ. Гэтэл үнэндээ тэр том хотод маань замын соёлын талаар юу ч байхгүй. Чоно болон араатнаас зугтаж яваа адуу мал шиг хэдэн төмөр хөлөгнүүд нь тэр жижиг зам дээрээ байнга бөглөрч мөргөлдөнө. За тэгээд миний бичиж байгаа хүндлэх ёсны талаар бол бүр нойл заачихсан. Нэг нэгнийхээ урдуур дайрна, бие биенээ харааж, янз бүрээр хэлнэ. Тэрийг нь харж, сонсож байгаа хэд нь эвгүйцэх биш харин ч үнэгүй хошин шог үзэж байгаа аятай баясаад л, хэлсэн хэдэн хэл хальтарам, давтаж хэлэхээс ч санаа зовмоор үгийг нь дуурайн хэлж хөөрцөглөөд л явна. Дараа нь тэр үгнүүдээ өөртөө тохиолдсон үед нь хэлнэ. Энэ мэтээр үргэлжилнэ дээ цаашаа…Тэр нэг зам дээр чинь эв эеэ олоод ар араасаа дүрмээ зөрчихгүй, эгнээ байраа зөв эзлээд явбал тэгэж хүндрэл учруулах асуудал уг нь нэг их гармааргүй л юм.

Зам хөндлөн гарч байгаа явган зорчигчид маань ч гэсэн ялгаагүй ээ. Ногоон гэрлээрээ гарахгүй, гарцаараа гарахгүй байж хэдэн жолооч нартайгаа хэрэлдээд л унана. Мөргөж, мөргүүлж, шүргүүлээд нэг нэгэндээ бөөн тээр болно. Тэнд хэлэгдэх үг хэллэгийн талаар энд бичих нь илүүц биз. Бүгд л мэднэ. Бас л таагүй үг хэллэг. Ядаж байхад монгол хэл маань энэ тал дээр яасан ч баялаг болж байгаа юм бэ дээ…

Ингээд замын хөдөлгөөний тал дээр , нэг нэгнээ хүндлэх тал дээр нойлын нойл үнэлгээ өгөгдчихөж байгаа юм.

Олон нийтийн унаа

Олон нийтийн унаанд гол төлөв оюутан, сурагч, өндөр настангууд явдаг нь бодит үнэн. Тэнд мөн л хүндлэх асуудал тааруухан. Суудал олдов уу үгүй юу очоод суучихна. Хажууд нь настай хүн, хүүхэдтэй эмэгтэй, жирэмсэн эх байгааг харсан ч хараагүй мэт цонхоор харан, буруу харж гүрийж явсаар буудал дээрээ ирэхээрээ нэг юм ховхорно. Хөөрхийдөө залуу хүн байна даа, оюутан залуус маань, монголын ирээдүй болсон иргэд маань өтөлсөн нэгэн, ядарсан нэгэндээ суудал тавьж өгөөд хэдэн буудал зогсоод явчихад муу юм байхгүй баймаар, харин ч эсэргээрээ биеийн тамирт нь бага ч гэсэн нэмэр болмоор. Бүтэн өдөржин лекц, практикийн ангид сууж сууж гарч ирсэн юм чинь хэдэн мин зогсоод явчихад уг нь тэгтлээ хүнд эд биш л байлтай. Тэгээд ч ямар манай хот тийм том хэдэн олон цагаар явах биш.

Суудал тавиад өгөөч гэсэн шаардлагын хариуд өөдөөс нь муухай хараад дуртай дургүй зарим нэг нь өндийж байгаа харагдана, харин зарим нь өөдөөс  нь хэрэлдээд хошиноор хэлвэл “-настай хүнд суудал тавиад босоод өгөөч….

-          би тэгээд насгүй юмуу” гээд зөрүүдлээд….

Соёл урлаг

Сүүлийн үед манайд янз бүрийн соёлын довтолгоо орж байгаа нь одоогийн хүүхэд залуучуудын бас сэтгэлгээг өөрчилж байгаа. Гарч байгаа кино, сонсож байгаа дуу хөгжим гээд үлгэр дууриалал нь нэг л хангалтгүй. Хэтэрхий ардчилсан байдлаар хүмүүжээд, хүмүүжил нь зөв байж чадахгүй нэг л буруу яваад байдаг. Уг нь ардчилал гэдэг нь хүний эрх, эрх чөлөөний асуудал байдаг ч бас нөгөө талаар миний эрх, эрх чөлөө нөгөө хүний минь эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэж байдаг шиг санах юм. Гэтэл бүгд л ардчилсан нийгэмд амьдарч байна, би ийм эрхтэй, энэ миний эрх, би хүсэснээ хийж байна гэх мэтчилэн үүрэг, хариуцлагын талаар юу ч дурсахгүй дураараа аашлах нь элбэг.

Хэтэрхий барууны соёл руу яваад үндэсний гэх зүйл нь өдөр ирэх тусам үгүй л болсоор…

Хамгийн сүүлд би “Хэцүү анги” гээд киног үзлээ. Манай сайт дээр энэ киног дуустал нь гаргаж байгаа билээ. Энэ кинонд яахав төгсгөл нь бол зүгээр л юм билээ. Гэтэл дунд хэсэгтээ бол үлгэр дууриалал тал дээр бол нэг л бишээ. Багшийгаа эсэргүүцэн арай л хэтэрхий аашилах хүүхдүүдийн дүр зураг. Яахав сурагч болон оюутан хүнд багшаа сонгон заалгах эрхтэй гэсэн боловсролын хуулинд нэг тийм хэсэг байдаг шиг санаж байна. Гэлээ гээд бас түүнийгээ илэрхийлж байгаа нь нэг л буруу….миний хувьд л тэгэж санагдсан лдаа. За энэ мэтчилэн үзүүлж байгаа, сонсгож байгаа зүйл нь хүндлэлийн талаар хангалтгүй байгаа шиг.

Аргагүй ч юм уу даа?

Харин энэ бүхнийг өмөөрөх гээд оролдоё. Дээр бол дандаа болохгүй байна гэсэн зүйл бичсэн. Энд харин энэ бүхнийг жоохон ч гэсэн өмөөрөе.

Цаг тооллын 12-р зуун болон түүнээс хойш монгол үндэстэн байсаар ирсэн. Тэрнээс өмнө нь байсан ч Их монгол гэдэг нэрэн дор нэгдэн цуглаж тэмдэглэгдсэн нь энэ. Өнөөдрийг хүртэл олон л алдаа оноотой цаг хугацааг аль хэдийн 800 гаран жил туулаад ирчихлээ. Энэ хооронд манжийн дарлалд дарлуулж, хэдэн талаасаа нухчуулж, эд хөрөнгө, нэр алдарт шунасан хэдэн ноёдуудыг өөрсдийн талд урвуулан, хооронд нь алалцуулан, талцуулж монгол түмний түүх соёл, шаштир, үнэт бүхнийг манжийн нийслэлд цуглуулж судлан устгаж, зарим зүйлийг нь өөрсдийн болгон ашигласнаар эртний соёл, ёс заншил үгүй болох нэг том гарз хохирол байлаа. Гэхдээ монгол түмэн минь байсаар ирсэн юм. Үр хойчдоо аман зохиолоор дамжуулан хэлж ярьж үлдээсээр.

Гэтэл ардын хувьсгал гэж Манжийн дарлалаас аварах нэрийдлээр Орос ах нэр гэж нэрлэгдэх цагаантнуудаааа бут цохин гарч ирсэн улаантнууд байлаа. Яах аргагүй бидэнд тусалсан нь яалт ч үгүй үнэн. Гэлээ гэхдээ тэдэнд бид өргүй.

Ингэж орос ах монгол дүү нартайгаа гэхүүдээ тэд нартайгаа нийлж ардын хувьсгалыг монгол газар шороонд хийж 200н жилийн дарамтнаас салгасан. Энэ үеэс монголчууд нүүдлэн амьдрах орчноосоо салж, суурин амьдралын гараагаа эхэлсэн гэхэд болно. За тэгээд хэлж ярих зүйлүүд нь бол хориотой. Ядаж энэ газар нутгийг үр хойчдоо цус нулимсаараа солин байж үлдээсэн их эзэн хааныхаа нэрийг хэлэхээс ч айдаг үе байсан гэлцдэг. Ингэж орос ах нар орж ирснээр монголын үндэсний соёл баруун зүг рүү хазайх болсон гэж би хувьдаа боддог. Ингээд бас л толгойтой, гайгүй гэсэн хүмүүсийг маань толгой дараалуулан хороож, сүм хийдүүдийг шатааж, эсэргүү, феодол нэрийдэж соёлын бас нэг том гарз хохиролд унагсан. Эндээс ерөнхийдөө хүндлэл, хүндлэх асуудал төгсгөл болж эхэлсэн гэхэд болох болов уу…

Үүний дараагаар арай гэж хэдэн залуус өлсгөлөн зарлаж Сүхбаатарын талбай дээр суулт хийж ардчилалыг босгож хүний эрх, эрх чөлөөний асар их баялагийг авчирсан ч энэ нь буруу тал руугаа хөгжөөд өнөөдрийг хүрсэн мэт санагддаг юм. Эрх чөлөө нь хомс байсан ард түмэн гэнэт их эрх чөлөөг мэдэрч амталснаар, түүндээ бялхсандаа болсон уу яасан үүрэг, хариуцлагын талаар ямар ч ойлголтгүй, өөрийнхөө амин хувийн эрх чөлөөнд анхаарал хандуулж ирсэн нь өнөөдрийн хүн хүнээ хүндлэх ёсны бодит байдал гэж ойлгож байна.

За ингээд миний бичснээр энэ гурван үеэс болоод манайхны хүн хүнээ хүндлэх ёс шороотой холилдож эхэлсэн юм уу даа. Магадгүй би буруу бичсэн байж болох ч энэ бүхэн миний л бодол санаа. Санаа бодлоо уншаад хуваалцана биз дээ….

Ингээд төгсгөлд нь хэлэхэд хүн хүнээ хүндлэх ёсны талаар, монгол үндэстний соёл иргэншилийг авч үлдэхийн төлөө хүн болгон анхаарлаа хандуулж, мөн бие биенээ, ах захаа мэдэж яваасай гэж хүснэм.

Add comment


Security code
Refresh

Гайхалтай чадвар ...

Цаг агаар

An error occured during parsing XML data. Please try again.

Надтай нэгдээрэй

Манай зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3632
mod_vvisit_counterӨчигдөр4724
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт32799
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт34804
mod_vvisit_counterЭнэ сард96011
mod_vvisit_counterӨнгөрсөн сард139737
mod_vvisit_counterБүгд248493