Монголчуудын шим ертөнцийн тухай ойлголтод “Лус” гэсэн үг олонтаа дурдагддаг. Лусын орон, лусын эзэн, лусын амьтан гэхчлэн ярилцдаг. Лус гэхээр үндсэндээ ус болон усны амьтны тухай ойлголт юм билээ. Лусын хамгийн том төлөөлөл монголчуудын хувьд могой байх.
Манай сумын дэргэдэх Булган гол могой ихтэй. Эцэг эхчүүд хүүхдээ гол руу хөл нүцгэн хэзээ ч явуулахгүй. Могойд хатгуулахаас болгоомжилж буй нь тэр. Хамгийн сайн усанд могой олноороо чуулдаг гэх үг бий. Тэгш тал газар гэнэт доош цөмөрч том том шавар хавцал үүсгэн тэр бүрээс нь цэнгэгус бургилан байх Булган голын ус үнэхээр рашаан. Уухад гэдэс дотор цэлмэх шиг сэнгэнээд явчихна. Ямар сайндаа сумынхан “Эрүүлжих газар” гээд нэрлэчихсэн байхав. Архи ууж шартсан нэг нь голынхоо уснаас ууж шавар цохионых нь сүүдэрт унтаад өгнө.
Нүүрэн дээгүүр нь могой гулсаж байсан ч тоохгүй. Гэвч зүүн хойш харсан энэ өвөрмөц тогтоц бүхий булаг, эндээс үүссэн цөөрмийг нутгийнхан догшин газар хэмээн болгоомжилно. Олны ярихаар бол дээр цагт энэ газар нэгэн хүн бурхан сахиусаа залснаас газар лус догширсон гэлцэх бөлгөө.
Булган голоос хойш Бурхант хэмээх газрын энгэр бэлд биднийг багад нэгэн харлаж түлэгдсэн гэмээр буурь бараантаж харагддаг сан. Хонь малд явахдаа тийшээ битгий очоорой гэж эцэг эхчүүд захина. Хожим сонсвол тэнд нэгэн халуун ам бүлийнхэн галд өртсөн гэх юм билээ. Гэрийн эзэн Жалбаа Булган голд хөвж явсан могойг гэртээ авчирч зуухан дээрээ халааж хороосны дараад өрөв хоногт гэр бүлийнхэн бүгд галд өртсөн гэдэг. Үүнийг лусын хараал хэмээн нутгийнхан “оношилдог”. Намар могой ичих цагаар сумын хүүхэд багачууд байтугай томчууд ч гол руугаа зүглэхгүй. Энэ үеэр могойн чуулган буюу ичээ болно. Үүнтэй тааралдаад ёсыг сахиж эс чадваас лусын хорлолд өртөнө хэмээн болгоомжилно. Ямартай ч булгийн эхний чулуун цохио хаднуудын завсар бүрээс урт хорхойн толгой шоволзож байх. Манай нутгийн “Заан” Даваа хэмээх эр намар орой давхиж явтал морь нь гэнэт үргэхээр харсан чинь үй олон могой нэгэн зүг яаравчилж байсан гэдэг. Газар хөдөлж байгаа юм шиг харагдсан хэмээн ярьж байхыг сонссон юм дагс Говийнхны дунд нэгэн эмгэнэлтэй ч гэмээр сургамжтай ч гэмээр явдлын тухай яриа он дамжин өдий хүрсэн. Тэр бол болсон явдал. 1960-аад оны эхээр энэ явдал болжээ.
…Өмнөговь аймгаас баруун урагш Ноён сум гэж буй. Нэгдлийн орлогч Сүндэв намрын сүүл сараар жолоочтойгоо хоёул нутгийнхаа Хүрэн хана хэмээх уулын зүүн үзүүрт явж байхдаа могойн чуулгантай таарчээ. Нэг дор тийм олон могой цугларсан арзалзаж байх нь тэдэнд тийм ч таатай санагдсангүй. Хувинтай бензин дээрээс нь асгаад шүдэнз зураад хаячихжээ. Олон могой шатаж, амь тэмцэн тал тал тийшээ мөлхөж пис пас гэсэн дуу гарч байсан гэдэг. Тэгээд буцах замдаа тэр хоёр эвгүй зүйл боллоо хэмээн ярилцаж, их таагүй байдалд оржээ. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа жолооч нь гэнэт шалтгаангүй нас барж, харин нэгдлийн орлогч Сүндэв хэвтрийн хүн болжээ. Арга ядсан ах дүү нар нь хот руу эмчлүүлэхээр авч явсан ч тэрээр замдаа онгоцонд нас баржээ. Харин тэр нутагт энэ цагаас хойш 40 жил хур тунадас ороогүй гандсан бөгөөд ардчилал ирж бурхан шашин дэлгэрсний ачаар уул усаа аргадаж шүтсэнээс хойш олон жилийн ган тайлагдсан гэх юм билээ.
Монголчуудын дунд яригддагаар бол могойн чуулгантай таарсан хүн хормойгоо дэвсэн мөргөж, их хүндэтгэл үзүүлэх ёстой аж. Эмээлийнхээ тохом эсвэл гутлынхаа /монгол/ оймсыг тайлж үлдээх бөгөөд тэнд нь ховор эрдэнийн зүйл үлдээсэн байдаг. Түүнийг нь авсан хүн урт удаан насалж, эд баялаг арвин, эрүүл саруул явдаг гэх хууччуулын яриа бий. Гэвч бас намар могойн ичээнд таарсан хүнийг нууц алдана хэмээн хэлгүй болгодог гэлцдэг.
Хууччуулын ярих нь Харчин өртөөг төвхнүүлэхээр явсан Баавдай хэмээх эр гэдрэг буцах замдаа ярьж чадахаа байчихжээ. Учир мэдэх олон хүнээс асуусан боловч наадах чинь лусын хорлол болсон байна, арга чарга байхгүй хэмээжээ. Харин жор мэдэхгүй яамаас зовлон үзсэн чавганц гэгчээр нэгэн настан “Наад хүн чинь хайрхан /могойг ийн цээрлэдэг/ ичихийг харж золигтсон юм шиг байна. Тийм бол ирэх жил ичигсэд гарах өдөр тэр газар нь очиж буян ном хуруулж, лус эздэд өглөг хайрлавал хэл орж магадгүй. Өөрөөс нь ямар нэг аргаар тэр газрыг нь заалга гэжээ. Тэр ёсоор бүх үйлийг гүйцэлдүүлсний дараа тэр хүн үнэхээр хэл орж хэрэг явдлын талаар хэлсэн гэдэг.
Монголчууд могойн хөлийг харах их муу гэлцдэг. Хэрэв харах аваас “Чиний хөл олон уу, миний үс олон уу” хэмээн үсээ арагш илж цээрийг хариулдаг домтой ажээ. Могой бол хэвлээр явагч, тийм учраас хөл гэж мэдээж үгүй байх л даа. Гагцхүү дээш нь харуулж, амьтныг зовоохоос ийн цэрвүүлдэг байсан бололтой.
Монголын аль ч нутагт могойг нэрээр нь хэлэхээс цээрлэдэг. “Хайрхан”, “Урт хорхой” гэхчлэн нэрлэх нь олонтаа. Могой гэрт орсон байх аваас толгой дээр нь сүү дусааж, идээ тавьж хүндэтгэл үзүүлж гаргадаг ёс бий. Тэр ч бүү хэл зам дээр могой хөндлөн байвал үдээс өмнө бол сүүл талаар нь, үдээс хойш бол толгой талаар нь тойрч гардаг ёсон буй.
Өвөг дээс маань замд тааралдсан могойг явдлаар нь шинжиж толгойгоо цондойлгон халз агшиж явааг нь лусын эзэн заларч явна хэмээн хүндэлж идээ будаа өргөдөг, харин сүүлээ шарваж гогцоорч явбал өлзий муу савдгийн элч хэмээн жийрхдэг байжээ.
Говийнхны дунд төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд ч эргэлзээтай нэгэн зүйл амьтан бий. Тэр бол Олгой хорхой. Энэ тухай өдий төдий домог яриа байдаг. Зарим нь бүр аймаар. 1920-иод оны эхээр Оросын эрдэмтэн Ефримов “Олгой хорхой” гэдэг зөгнөлт зохиол хүртэл бичсэн. Одоо хүртэл оршдог эс оршдог нь тодорхойгүй байгаа энэ амьтныг нэгэн зүйлийн могой байх магадлалтай хэмээн зарим эрдэмтэд үздэг. Тэр нь зөвхөн Монголын говьд л байдаг “Тэмээн сүүл” хэмээх могой юм. Улаанномдорсонэнэмогойамьд зулзага төрүүлдэг. Тэмээн сүүл нь гаднах төрхөөрөө яг л олгой шиг толгой, сүүлньмухарбайдагаж. Энэ могой Монгол орны говийн бүс буюу Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь мөн Алтайн цаад говиор тааралддаг. Аварга могойн бүлэгт багтдаг ч тийм ч том биетэй биш, урт нь дунджаар 70-80 см ажээ.
Ертөнцөд юм бүхэн учир жанцантай. Монголчуудын могойд хандах хандлагад айдас жийрхлээс гадна хүндэтгэл эрхшээл ийн хослон агуулагдах бөлгөө.
П.Булган









































