
Хэдийгээр Дэлхийн 1-р дайн нэг зуунд болсон хэдий ч 2-р дайн бол түүнээс илүүгээр энэ зууны гол дайн байлаа. 19-р зуунаас улбаалсан учир гогцоотой Дэлхийн 1-р дайнаас ялгаатай нь технологийн, улс төрийн, соёлын хандлага Дэлхийн 2-р дайнд тусгалаа олжээ. Үүний хамгийн тод жишээ нь үзэл суртлын лоозон юм. Үүнийг сайд, комиссар, төрийн тэргүүд дайнд дулдуйдсан өөрсдийн сайн, муу үйл хэргээ эргэлзэж тээнэгэлзсэн ард түмэндээ ятган үнэмшүүлэх зорилгоор хэрэглэж байв.
Радио, зурагт зэрэг өнөө үеийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл дамжуулах нь засгийн газруудын хувьд түгээмэл ч тухайн үедээ үзэл суртлын лоозон нь төр засгаас мэдээлэх, мунхруулах, зулгуйдах хамгийн үр дүнтэй хэрэгсэл байжээ. Харин одоо үед эдгээр лоозонгууд өнгөрсөн үеийн урлагийн бүтээл болон үлджээ.
10. “АНУ-ын армид чамайг элсэхийг хүсч байна”
Дэлхийн 1-р дайны үеэр хэрэглэгдэж байсан ч Дэлхийн 2-р дайны үед өргөн хэрэглэж байв. АНУ-ын үндэсний билэг тэмдэг болсон шаргуу, эцэг хүний дүр төрх бүхий Сэм авга таны энэхүү лоозон руу хэрхэн харж буйгаас үл хамааран яг зүрх сэтгэл рүү тань тулган хэлж байгаа мэт санагдана.
9. “Нэг үндэстэн, Нэг улс, Нэг Фюрер!”
Америкийн лоозон уран зохиолын маягтайгаар далбаагаа ашигласан байдлаар хийгдсэн байхад Германууд амьд оршин буй, бодит Адольф Гитлерийг дүрсэлсэн лоозонг өргөн хэрэглэж байв. Гитлер фашизм, нэг хүнийг тахин шүтэх явдлыг үүсгээгүй ч түүнийг төгс хэлбэртэй болгосон гэхэд болно.
8. “Тайван байж, урагшлаад байгаарай”
Гитлер, нацистууд Германы хувь заяаны тухай ятган байхад Британий засгийн газар иргэддээ улс орон нь арай ч устан сөнөхгүй талаар ятган сэнхрүүлж байв. 1939 онд олонхи Британчууд сая сая Герман цэргүүд эрэг дээр нь буух вий гэдгээс айж байлаа. Британий засгийн газар Германчууд өөр зорилгоо хөөцөлдөн завгүй байгаа ч эргээд бүх хүч анхаарлаа тус улс хандуулах цаг ирнэ гэдгийн мэдэж байв. Ард иргэдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд Британий мэдээллийн яам үндэсний онцлогийг тусгасан цуврал лоозонг гаргасан байна. Эдгээрээс хамгийн алдартай нь дээрхи “Тайван байж, урагшлаад байгаарай” гэсэн лоозон юм.
7. “Эх болсон эх орон чинь дуудаж байна”
АНУ шиг эцгийн дүр төрх бүхий Сэм авгыг сонгохын оронд Оросууд эмэгтэй хүнийг сонгожээ. Энэ лоозонг харсан залуу Орос хүн болгонд Германы эзлэн түрэмгийлэлтэд алдсан ээж, эмээ, эхнэр, эгч дүүсээ санагалзахад хүргэхээр хийсэн байна. Олонхи Орос хүмүүсийн сэтгэл зүрхэнд байдаг эх орон, газар нутагтаа хайртай сэтгэлийг нь өдөөсөн нь олон эрчүүдийн сэтгэл зүрхийг хөндөн цэрэгт элсэхэд нь нөлөөлжээ.
6. “Азийн сэргэн мандалт”
Япончууд өөрсдийгөө, эзлэн түрэмгийллээ өөрөөр харж байлаа. Тэдний хувьд Солонгос, Тайван, Хятад, Филиппин болон өмнөд Номхон далайн арлын улсуудыг эзлэсэн нь бүс нутгийг гадны нөлөөллөөс хамгаалах, Азиар манлайлуулсан “Хамтдаа хөгжих бөмбөрцөг”-ийг бий болгоход чиглэжээ. Энэ үзэл санаагаа үргэлжлүүлэн колони улсуудаа Японы жолоодлогыг хүлээн авахыг ятган, “Азийн сэргэн мандалт” лоозонг бүтээсэн байна.
5. “Энэ дайсан чинь”
Дайны үеийн үзэл суртлын лоозонгийн нэг гол чанар нь шударга ёс, эрх чөлөө буюу үзэн ядалт, айдас зэрэг хүний суурь сэтгэл хөдлөл, ухамсарт хүрэх оролдлого байв. Үүнийг дэврээх хамгийн үр дүнтэй хэрэгсэл нь арьс өнгөөр ялгаварлах үзэл шингээсэн лоозон байлаа. Энэ нь дайсныг хүнээс дор зэрэгт аваачиж, бидний хайрладаг бүхнийг залгихаас өмнө устгах ёстой гай гамшиг болгон харуулахыг зорьж байв. Үүний тод жишээ нь, Америкийн хийсэн “Энэ дайсан чинь” хэмээх лоозон юм.
4. “Цаг нь мөн эсэхийг магадлаарай”
Арьс өнгөөр ялгаварлах үзэл бүхий лоозон нь үзэн ядалтыг төрүүлэхэд ганц хэрэглэгдэхгүй. Америкийн “Цаг нь мөн эсэхийг магадлаарай” хэмээх лоозон нь мөн адил арьс өнгөөр ялгаварлах үзлийг харуулахын зэрэгцээ тулааны талбарт шархадсан ч цааш үргэлжлүүлэх нь чухал болохыг байлдагчид сануулахыг зорьжээ. Гитлер, Муссолини, Тожо нарыг элэглэн дүрслэхдээ чиний устгах ёстой дайсан чинь чамаас өрсөх вий гэдгийг сануулсан байна.
3. “Сул ам онгоцыг живүүлнэ”
Мэдээж арьс өнгөний үзэл ганц арга хэрэгсэл байгаагүй нь тодорхой. Британий ”Сул ам онгоцыг живүүлнэ” лоозонгоор болох үйл явдлыг болгоомжгүй ярьж аюул тарих вий гэдгийг анхааруулжээ. Дэлхийн 2-р дайны үед том гүрнүүд томоохон төлөвлөгөө боловсруулж ажиллаж байсан учраас хэн нэгэн цэрэг үүнийг ярьж аюул заналд өртөхөөс сэрэмжилүүлж байлаа.
2. “Бид үүнийг хийж чадна”
Цэрэгт хүмүүсийг элсүүлэхээс гадна дайны үйл хэргээс гадна үлдсэн хүмүүст хандахыг төр засаг зорьж байв. Дайны үед хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай учраас янз бүрийн уриа лоозонг ашиглаж байсны алдартай нь “Бид үүнийг хийж чадна” хэмээх лоозон аж. Булчингаа чангалсан ажилчин эмэгтэйг дүрсэлснээр Америк даяар эмэгтэйчүүд хийж бүтээх хүч чадалтайг ч харуулахыг оролджээ. Дайн дууссан үед ч эмэгтэй хүмүүс хүч чадалтайг харуулсан билэг тэмдэг болон үлджээ.
1. “12-р сарын 7-ныг сана”
1941 оны 12 сарын 7-с өмнө цөөнгүй Америкчууд дайн бидэнд хамаагүй гэж үзэж байлаа. Салан тусгаарлах нь улс төрийн хүрээнд түгээмэл үзэл хандлага байсан бөгөөд далайн нөгөө эрэгт болж буй харгислал тэдэнд бараг хамааралгүй байсан юм. Холбоотнууддаа цэргийн эд бараа нийлүүлэн сэтгэл амар байсан Америк улсын Пөрл Харборыг Япончууд гэнэт довтоллоо. АНУ-ын Номхон далайн усан флотыг бараг устгахаа дөхсөн ч унтаж буй аварга амьтныг сэрээсэн нь Японы алдаа болов. АНУ дайнд орохоор шийдэж, “12-р сарын 7-ныг сана” гэсэн лоозонг гаргажээ. Урагдаж салбайсан АНУ-ын далбаа утаагаар дүүрсэн хар тэнгэрт мандаж байгаагаар тэмцлийн хүсэл зориг дүүрэн буйг илтгэн харуулсан байна.
Эх сурвалж: Toptenz.net
Бэлтгэсэн Э.Алтангэрэл


















































