
Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, 1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдсанаар Манж Чин Улсын үед хэрэглэж байсан тамга тэмдэг, сүлд далбааг өөрчилж, төрийн уламжлал, үндэсний зан заншил, сүсэг бишрэлийг тусгасан тамга тэмдгийг шинээр үйлдэн хэрэглэх болжээ. Тухайлбал, Богд Жавзандамба хааны төрийн тамгыг хаш эрдэнээр хийж, түүнд Монголын эртний төрийн бэлэгдлийг сэргээн хэрэглэж, тамганы үсгийг соёмбо, дөрвөлжин, уйгаржин монгол үсгээр сийлж, эзэн хааны алдрыг оруулан “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” хэмээн бичсэн байна.







































