Д. Сүхбаатарын хойчийн төрийн эрхэмүүдэд захисан захиас
Хойч ирээдүйн эрхэм дүү нарын гэгээн лагшин тунгалаг, эрхэлсэн ажлыг зохицолдуулан гүйцэлдүүлэх нь алдаагүй нягт сайныг асуух юун билээ. Молхи миний бие өдгөө харийн түрэмгийнүүдийг үлдэн хөөхөд нэгэн чиг санаагаар зүтгэж өөрийн өчүүхэн хүчийг ардын дунд нэмэрлэсэнээр эл үйлс маань нэгэнт тусыг олж тусгаар Монгол улсаа байгуулан гэрэлт Богд багш хутагтаа ширээнээ залсаар төдий л их удаагүй байна. Та бүхэндээ сургамжлан захихын тулд, өргөн гол гатлуулж өндөр уулсыг давуулан халагдан улирах он цагийг дамнуулан энэхүү захидал мэтсийг хичээнгүйлэн сонсгож гарт тань бариулж байна. Гэгээн богдын айлдсанаар нэгэнт захидал мэтс нь үеэ гээж (цахим) шуудан бий болсон байх ба, хэрэв ийм бөгөөс утасны үзүүр (дэлгэцийн араас) мэндийг тань мэдэж амрыг эрье. Юун түрүүн эрхэм дүү нар үе үеийн түүхийн үргэлжлэл хойч үе мөний тул, удмыг дамжин энэ биеэр дээр хөх тэнгэр доор бараан дэлхийд зөвхөн Монгол хэмээх улсыг эх орноо гэж мэндэлснээ мартаж үл болно.